Menu

Tuesday, 10 December 2013

АНГИЙН АЖИЛ
1. Нийтлэг зүйл
Ангийн ажил нь тухайн хичээлийн сургалтын материалыг оюутан хэрхэн эзэмшсэнийг хянах нэг хэлбэр юм. Түүнчлэн улирлын аттестатчлалын нэг хэлбэр бөгөөд сургалтын төлөвлөгөөнд тусагагдсан, 1 кредитийн ногдолтой зайлшгүй гүйцэтгэх сургалтын ажил юм.
Ангийн ажлын гол зорилго нь:
А. Оюутан, суралцагчдад шинжлэх ухааны судалгааны арга дадлыг эзэмшүүлэх
Б. Оюутны онолын болон мэргэжил, мэргэшлийн түвшинг дээшлүүлэхэд оршино.
Ангийн ажил бол тухайн хичээлийн онол арга зүйн талаар оюутанд олгох мэдлэгийг батжуулах, дадлыг суулгахад чиглэсэн, шинжлэх ухааны бие даасан, бүтээлч ажлын эхлэл юм. Ангийн ажил нь цаашдаа төгсөлтийн ажил бичих урьдчилсан бэлтгэл болдог.
2. Ангийн ажлын сэдэв сонгох
Оюутан нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлээр ангийн ажил бичиж, хамгаалах ёстой. Ангийн ажлын сэдвийг сургалтын төлөвлөгөөнд заасан улирлын эхэнд холбогдох тэнхим, багш гаргаж оюутнуудад танилцуулна. Сэдвүүдийн жагсаалтаас оюутан өөрийн сонирхсон болон материал, тоо баримтыг олох боломжтой сэдвээ сонгож, тэнхим, багшдаа тэмдэглүүлэх шаардлагатай. Сэдэв нь тухайн хичээл, мэргэжлийн хувьд чухал ач холбогдолтой байх шаардалагатай.
3. Ангийн ажил бичих дараалал, бүтэц
Сэдвээ сонгосны дараа ангийн ажлаа бичих төлөвлөгөө гаргаж, удирдагч багшаараа батлуулна. Уг төлөвлөгөөнд сэдвийн хүрээнд цуглуулах тоо баримт, уншиж судлах онолын болон судалгааны ном зохиолыг олж уншиж, цуглуулах ажил, хугацаа, ангийн ажлаа бичиж, эмхтгэх, хамгаалах зэргийг нарийн цаг хугацаатай оруулж өгөх хэрэгтэй.
Ангийн ажил нь дараах бүтэцтэй байх нь зохистой:
1. Нүүр хуудас
2. Гарчиг
3. Оршил
4. Үндсэн бүлэг
5. Дүгнэлт
6. Ашигласан ном, зохиолын жагсаалт
7. Хавсралтууд
Нүүр хуудас нь энэ журмын хавсралтанд заасны дагуу нэгдсэн хэлбэртэй байна. Гарчигт ангийн ажлын дотоод бүтэц, хэсгийн нэр, хуудсыг зааж өгсөн байдаг.
Оршил хэсэгтээ энэ сэдвийн ач холбогдол, тавьсан зорилго, хэрэглэсэн арга аргачлалын талаар бичнэ. Үндсэн хэсэгт өөрийн хийсэн ажлын онолын үндэслэл, тайлбар, мөн энэ талаар хийгдсэн судалгааны тоймыг товч танилцуулж, өөрийн хийсэн судалгаа, ажлаа оруулах ёстой. Энэ хэсэг нь 2-4 бүлэгтэй байх нь зохистой.
Бүлгүүд нь дотроо дэд бүлгүүд , зүйлүүдээс бүрдэж болно.
Дүгнэлтэнд өөрийн хийсэн ажлаас урган гарсан үр дүн, дүгнэлт, түүнчлэн цаашид сэдэвтэй холбоотой хийгдэж болох ажлын талаарх санал, зөвлөмжийг багтааж бичдэг. Өөрийн хийсэн ажилтай холбоогүй,  нийтлэг дүгнэлт, саналыг оруулж бичихээс аль болох зайлсхийх нь зүйтэй.
Ингээд ашигласан ном, зохиол, материалын жагсаалтыг зааварт заасны дагуу хийж, мөн судалгаанд
ашигласан тооцоо, загвар, арга аргачлалаа хавсаргаж оруулах хэрэгтэй.
Ном
1. Зохиогчийн нэр (зохиогч, редактор, орчуулагч, байгууллага)
3. Бүтээлийн нэр, хэрвээ байгаа бол дэд гарчиг (italic эсвэл underlined)
4. Хэвлэлтийн дугаар
5. Хэвлэлийн газрын нэр
6. Хэвлэлийн газрын байршил
7.. Хэвлэгдсэн он
8. Хуудасны дугаар (шаардлагатай бол)
Өгүүлэл
1. Өгүүлэлийн зохиогчийн нэр
2. Өгүүлэлийн нэр (тодорхойлох хашилтанд)
3. Сэтгүүлийн нэр (italic эсвэл underlined)
4. Сэтгүүлийн дугаар
5. Хэсгийн дугаар
6. Хуудасны дугаар
7. Хэвлэлийн газрын байршил
8. Хэвлэгдсэн он
Электрон эх үүсвэр
1. Зохиогчийн нэр
2. Хэвлэгдсэн он
3. Материалын нэр
4. Хэвлэлийн газар буюу байгууллагын нэр
5. Интернет дэх нэр буюу сайтын хаяг, холбоос (шаардлагатай бол)
4. Ангийн ажлыг хамгаалах
Ангийн ажлыг улирлын эхэнд бичиж эхлэх ба хамгаалах хугацааг сургалтын алба, холбогдох тэнхимтэй зөвшилцөн тогтоож, урьдчилан мэдэгдэнэ. Ангийн ажлыг удирдагч багшийн тодорхойлолтоор дүгнэнэ. Ангийн ажлаа удирдагч багшид тогтоосон хугацаанд хүлээлгэн өгөх бөгөөд, удирдагч багш ангийн ажлыг авснаас хойш, ажлын 10 хоногт багтаан удирдагчийн шүүмж, тодорхойлолтыг гаргаж, үнэлэлтээ танилцуулна.
Удирдагч багш ангийн ажилтай танилцаад, хавсралтанд заасан маягтын дагуу шүүмж, тодорхойлолтоо гаргана. Удирдагчийн тодорхойлолтонд уг ангийн ажлын чанар, өөрөө хийсэн байдал, онолын үндэслэл, практик ач холбогдол, амжилт, ололт болон дутагдалтай талыг тодорхойлж, дүнг тавина. Дүн тавихад дараах шалгуурыг баримталвал зохино.
Ангийн ажлын боловсруулалтын түвшин
Шинжлэх ухааны бүтээлийг хэр ашигласан
Бусад бүтээл, судалгааны ажлыг ашигласан байдал
Ажлаа бичихэд хэр зэрэг бүтээлч, бие даан ажилласан
Дүгнэлтийг хэр зэрэг үнэн бодитой хийсэн
Хэрэглэсэн арга аргачлалаа хэр зэрэг эзэмшсэн
Гадаад хэл дээр ном, зохиол уншсан байдал
Ажилдаа хэр зэрэг нягт, нямбай хандсан зэргийг шалгуур болгоно.
Амжилттай үнэлгээ авсан ангийн ажлыг оюутанд буцаан өгч холбогдох засвар өөрчлөлтийг хийлгээд хамгаалалтанд оруулна.
Харин амжилтгүй дүн үзүүлсэн ангийн ажлыг дахин бичүүлэх хугацаа олгох ба энэ хугацаанд дахин бичиж, удирдагч багшдаа дахин уншуулах ёстой. Ангийн ажлаа хамгаалахаас өмнө, оюутан удирдагч багшийн шүүмж, тодорхойлолттой сайтар танилцаж, хариултаа бэлтгэх хэрэгтэй. Ангийн ажлын хамгаалалтыг улирлын эцэст, сургалтын албанаас тогтоосон хугацаанд хийнэ. Ангийн ажлыг 2-оос доошгүй багшийн бүрэлдэхүүнтэй комисст хамгаална. Хамгаалалтанд орох шаардлага хангаагүй ба, амжилтгүй хамгаалсан тохиолдолд тухайн улирлын бусад хичээлийн шалгалтанд оруулахгүй. Дараагийн хичээлийн жилд нөхөн хийж, амжилттай хамгаалсан үед цаашид суралцах эрх олгоно. Амжилттай бичиж хамгаалсан ангийн ажлыг холбогдох тэнхимд хадгалах ба оюутанд буцаан олгохгүй.


No comments:

Post a Comment